СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Ховд аймгийн Дөргөн сум нь БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1955 оны 7-р сарын 29-ний өдрийн 68-р зарлигаар Ховд аймгийн Мянгад сумын 1,5,6-р баг, Увс аймгийн Завхан сумын 7,8-р багуудаар бүрдүүлэн байгуулагдаж, 1956 оны 1-р сарын 1-нээс эхлэн одоогийн Дөргөн сумын төв байгаа “Өргөстийн үзүүр”-т төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Аймгийн төв Ховд хотоос зүүн хойш, баруун талаараа Мянгад, хойд талаараа Увс аймаг, зүүн талаараа Завхан аймаг, өмнө талаараа Чандмань сумтай тус тус хиллэн оршдог. Сумын нутаг дэвсгэр нь физик газар зүйн мужлалаар говийн их мужийн Алтайн ар говийн муж, Их нууруудын хотгорын тойрогт хамрагдах ба гадрагын зохион байгуулалтанд говийн нам уулс болон цав толгод, аараг зонхилж, тэдгээрийн хоорондох зайг их бага хэмжээний хотгор газар эзэлнэ.

Томоохон хотгор газруудын тоонд Хар-Ус, Далай нуур, Хар нуур, Завхан голын хөндий орно. Газрын гадаргын дундаж өндөржилт далайн түвшнээс дээш 1400-1500 м-т өргөгдсөн ба хамгийн өндөр цэг нь 2240,6 м-т хүрнэ. Нам цэг нь нууруудын хөндий хотоос болон Завхан голын хөндий 1085-1157 м-т өргөгджээ.Сумын нийт хүн амын 99.6%-ийг дөрвөд үндэстэн эзэлдэг. 2012 оны эцсийн дүнгээр 684 өрх, 2874 хүн амтай, 84385 толгой малтай болжээ.  Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ 11-д ордог.

Үйлдвэрлэлийн ба бизнесийн хэмжээ, төрийн үйлчилгээний цар хүрээ ихээхэн нэмэгдсэн билээ. Дөргөн  сум эдүгээ аймагтаа хүн ам, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ томд орох засаг захиргааны нэгж болж өргөжин хөгжсөөр байна.

 

Нутаг дэвсгэр, түүний баялаг:

Дөргөн сум нь их нууруудын хотгорын давтагдашгүй өвөрмөц хэв шинж бүхий далайн төвшнөөс дээш 1100-1600 метр өргөгдсөн газар  нутгууд багтдаг. Дөргөн сумын нутгийн ихэнх хэсэг нь энэ мужид, зөвхөн уулархаг хэсэг нь хуурай дулаавтар уул хээрийн мужид харъяалагддаг. Эрс тэс ширүүн уур амьсгалтай.    

Дөргөн сум 412,8 мянган га нутаг дэвсгэртэй. Түүний 90.8%-ийг ХАА-н эдэлбэр газар, 9.2% нь усны нөөц  буюу бусад газар эзэлдэг.

Хар-Ус нуур, Хар нуур, Далай нуур, Юмын хоолой, Чоно харайхын гол, Цахиуртын хоолой, Завхан гол, Сангийн далай, Тээлийн гол, Төгийн Устай, Хуурай нуур зэрэг олон нуур голтойгоороо онцлог сум юм. Сумын нутаг дэвсгэр бүхэлдээ ургамал газар зүйн мужлалаар Евро-Азийн хээрийн муж, умард говийн цөлийн хээрийн их нууруудын хотгорын тойрог, Ховдын цөлийн хээрийн районд багтдаг. Дан Монгол өвс болон Монгол өвс - бударганат, Монгол өвс – таанат, Монгол өвс – харганат, бэлчээрийн төрлүүд голлон түрж орж ирдэг. Тус суманд гол өвсөрхүү Альчигана, Юлдэн ерөндгөн, Шар саахуу цэцэг, Хөвдөг усан хөрш, Гялгар усан хөрш, Мохоодуу усан хөрш зэрэг ховор ургамлууд ургадаг. Зэрлэг ан амьтдын өлгий нутаг гэж үзэж болох ба янгир, аргаль, ирвэс, мануул, чоно, үнэг, хярс, нохой зээх, үен, тарвага,  туулай, Зэгсний гахай, Заарт харх, Бөхөн, Харсүүлт, Цагаан зээр зэрэг агнуурын ба ажиглах, судлахад сонирхолтой амьтдаас гадна Ёл, бүргэд, тас, харцага, ятуу, шар шувуу болон Хотон, хун, галуу, нугас, ангир,  тогоруу, тоодог, элээ, цахлай, шаазгай, ууль  зэрэг 200 гаруй төрлийн ус намгийн нүүдлийн болон суурин шувууд амьдардаг.

Цаг уурын онцлог:

Нутаг дэвсгэрийн өвөрмөц тогтоц нь эх газрын цаг уурын эрс тэс өвөрмөц нөхцлийг бүрдүүлдэг. Энэ нь маш богино хугацаанд хоног, улирлын агаарын температур хэлбэлзэж, жигд бус тунадасны хувиарлалт өвөлдөө хүйтэн, зундаа огцом халдаг онцлогуудтай. Салхины жилийн дундаж хурд 1,8 м/сек ба ноёлох чиг нь хойд ба баруун хойд зүг. Зундаа 35-40 хэм хүртэл халж, өвөлдөө 32-40 хэм хүртэл хүйтэрдэг.

Дулааны улиралд нам дор газраа зунд 35-40 хэм хүртэл халдаг. Цаг уурын ийм өвөрмөц байдал хүйтний улиралд нэгэн адил ажиглагдана. Тухайлбал өвөл олон жилийн дунджаар -30 хэм хүйтрэх ба хүйтний оргил үе болох нэгдүгээр сард -40 хэм давж хүйтрэх явдал жил бүр давтагдана.

Байгалийн баялаг:

Нүүрсний орд: Шар далын  орд сумын төвөөс 30 км, Дамба 25 км зайд оршино.

Барилгын материал: Цагаан үнээтийн шохой сумын төвөөс 35 км, Сэнжийн цахирын шохой  30 км, Элс хайрга чулуу 8-13 км зайтай.

Хужир давс: Сангийн далайн давс, хужир сумын төвөөс 45 км зайд оршдог.

Үзэсгэлэнт газар:

Агваш багийн Их яврын чулуужсан модны суурь сумын төвөөс 18, Улаан устын гурван толгой – шувуун чулуутай сумын төвөөс 35, Шатадын хүрэнгийн агуй /урт 20м, өргөн 3м, өндөр нь 3-4м төвөөс 40 км/,  Чаргат уулын бургастай, Цахиуртын булаг, Аравжуул, Баян овоо, Сээр багийн нутаг Сүг зурагтай Эрээт, Төгий /арслан зааны яс олдсон газар/, Агваш арлын 13 цахир, Ногоон жалбын овоо, элсний үзүүр, Чоно харайх, Алаг уул, Хар, Хар усан нуур, Тээлийн хэрэгсүүр, Гэзэгсайхан  зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.

Эдийн засгийн үндсэн ба туслах салбар:

Сумын эдийн засгийн үндсэн салбар нь уламжлалт мал аж ахуй юм. Зах зээлийн нөхцөлд төрийн ба хоршооллын өмчид байсан мал аж ахуй хувийн жижиг үйлдвэрлэгчдийн мэдэлд шилжиж, худалдаа, үйлчилгээний чиглэлийн олон тооны жижиг бизнесүүд шинээр төрөн гарлаа. Сумын дотоодын нийт бүтээгдэхүүний бүтэц эдийн засгийн бүтцийг илүү тодорхой харуулдаг билээ. Ийм учраас тус сумын хувьд мал аж ахуйг  үндсэн салбар гэж тооцдог.

Гадаад, дотоод харилцаа:

Дөргөн сумын орон нутгийн засаг захиргаа, төрийн үйлчилгээний байгууллага, бизнес эрхлэгчид аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар түүний харьяа газар хэлтэс, мэргэжлийн байгууллагуудтай өөр өөрийн чиглэлээр ажил төрлийн байнгын харилцаа холбоотой ажилладаг. Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд Ховд аймгийн Булган суман дахь боомтоор БНХАУ-тай, Увс аймгийн Хандгайт боомт, Баян-Өлгий аймгийн Цагаан нуур сумын Улаан байшинтын боомтоор ОХУ-ын Тува улстай хилийн худалдаа, жижиг үйлдвэрийн чиглэлээр хамтран ажилладаг. Цаашдаа үйлдвэрлэл худалдааны чиглэлээр байнгын түншийн харилцаа тогтоож ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Аймгийн төв, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт амьдардаг нутгийн уугуул иргэдтэй байнгын холбоо харилцаа тогтоож, нутгийн зөвлөл байгуулан ажиллаж байгаа нь иргэдийн хоорондын харилцааны чухал хэлбэр болдог.

Ахуй соёл, иргэншил, үндэстний онцлог:

Уламжлалт ахуй, соёл, зан заншлаараа Монгол Улсын хэмжээнд өвөрмөцөд тооцогдох Дөрвөд ястан хэмээх үндэсний цөөнх нь Ховд аймгийн зөвхөн Дөргөн суманд амьдардаг. Сумын нийт хүн амын 99.6%-ийг эзэлдэг Дөрвөд ястны өлгий нутаг юм. Түүхэнд тэмдэглэснээр Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Завхан, Наранбулаг зэрэг сумуудаас тасарч сум анх үүссэн түүхтэй. Одоо тус суманд 17 овог байгаа бөгөөд ургийн бичгийг нарийн хөтөлдөг.

Дөргөн сумын давуу тал нь эсгий, эсгий бүтээгдэхүүүн, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн эрхлэх үе уламжилсан дадлага туршлагаа хадгалж чадсан, ясны хөдөлмөрч чанар нь өндрөөр үнэлэгддэг явдал юм. Сумын хүн амын дунд үндэсний язгуур урлаг болох  хуур өвөрмөц хөгжмийн зэмсэг, бий биелгээ хэмээх үндэсний бүжиг ихэд дэлгэрч нийтийн хүртээл болсон байна.  Дөргөн сумынхан үндэсний өвөрмөц ёс заншил, соёл боловсрол, язгуур урлагаа түшиглэн аялал жуулчлал, ардын эмнэлэг, соёл, урлагийн бизнес хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэхийг эрхэм зорилгоо болгож байдаг.

Жижиг дунд үйлдвэр:

Дөргөн  суманд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэр, дахин боловсруулах үйлдвэр сул хөгжсөн. Цаашдаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн хүнсний ногоо, жимс жимсгэнийг савлах, мах, сүү, өлөн боловсруулах, хадгалах болон мөнгөний урсгалыг суман дотроо шингээх зорилгоор хүн амын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг сумынхаа дотоодод үйлдвэрлэх зорилго тавьж, бизнесийн орчныг сайжруулах, жижиг дунд үйлдвэрүүдийг бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Аялал жуулчлал:

Одоогоор сумын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэд зөвхөн дамжин өнгөрч байгаагаас өөрөөр аялал жуулчлал хөгжөөгүй байна. Аймаг, сумын төвд ойр байршил бүхий Хар Ус нуур, Хар нуур, Далай нуур, Усан цахилгаан станц зэрэг байгалийн үзэсгэлэнт газар нутаг, агнуурын ан амьтан, нутгийн өвөрмөц соёл, язгуур урлагт түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бөгөөд үүнийг сумын хөгжлийн ирээдүйн нөөцийн нэг гэж тооцдог.

Дэд бүтэц, үйлчилгээ:

Зам. Дөргөн сум аймгийн төвөөс 102 км, улсын нийслэлээс 1500 км алслагдсан, аймгийн төвөөс Мянгад сум хүртэл засмал зам 38 км, Мянгад сумаас Дөргөн сум хүртэл  шороон зам 64 км, улсын нийслэлтэй 420 км хатуу хучилттай, 385 км нь сайжруулсан шороон, 695 км шороон замаар холбогдоно.

Сумын дотор бүхэлдээ хээрийн шороон замтай. Замын нөхцөл тааруу. Мянганы замын хэвтээ тэнхлэг сумын төвийг дайран өнгөрөх  нь сумын төвийг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, сумын төвийн дотоод замыг сайжруулах нь аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, иргэдийн бизнесийг дэмжих чухал хүчин зүйл болох юм.

Эрчим хүч. Тус суманд баруун бүсийн  эрчим хүчний систем болох Дөргөний усан цахилгаан станц 2008 онд ашиглалтанд орж сумын төв эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болсон. Хөдөөгийн малчдад цахилгааны шугам хүрээгүй. Малчдын 90 хувь нь нарны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болоод байна. Өндөр хүчдэлийн шугамтай газрууд цахилгаан эрчим хүчээр хангагдсан боловч төв шугамаас салбарласан дамжуулах шугам, дотоод холболтуудыг сайжруулан УЦС-тай болж цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдсан.

Ус хангамж. Тус сумын яаралтай шийдвэрлэх асуудал бол ундны усны асуудал юм. Зөөврийн усан хангамжтай. Нуурын уснаасаа уудаг. Ус нь эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй.

ЭДИЙН ЗАСАГ

 Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого нь 1.482.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1.203.0 сая  төгрөг, сумын өөрийн орлого 279,4 сая төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 632,5 сая төгрөг байна. Нийт зардлын 1,420,3сая, цалин  833,4сая, нийгмийн даатгалын шимтгэл 91,6сая, урсгал шилжүүлэг 278,5 сая, бусад зардал 216,5 саяыг эзэлж байна.

 Ажилгүйдэл, ядуурал

Төрийн байгууллагад 152 хүн ажиллаж байна.

Суманд бүртгэлтэй ажилгүй 46 иргэд байна.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 32,6 хувийг дээд, 8,6 хувийг тусгай дунд,  31,1 хувийг бүрэн дунд, 19,5 хувийг бүрэн бус дунд, 4,3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. 

 

Малын бүтэц

Сумын хэмжээнд 84385 толгой малтайгаас 3107 тэмээ, 3798 адуу, 2471 үхэр, 14749 хонь, 60260 ямаа байна. Аймагтаа тэмээнийхээ тоогоор тэргүүлдэг.  

БОЛОВСРОЛ

 Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 623 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь болон бүрэн дунд боловсролын хамран сургалт 98,4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 12 багш хамрагдаж байна.